Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ

2021 онд манай байгууллага “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлыг амжилттай хийж гүйцэтгэн ажлаа дүгнүүллээ. Тус ажлаар:

  1. Бэлчээрийн менежментийг сайжруулах
  2. Уст цэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах
  3. Зэрлэг амьтны мониторинг судалгааны багц ажлуудыг гүйцэтгэв.

Бэлчээрийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд:

  • Бэлчээрийн өөрчлөлтийг хянах 9 мониторингийн цэгийг газрын рельфийн ялгарлаар нь байгуулж, бэлчээрийн төлөв байдал, даац, талхагдлын мониторинг судалгааг хийж, бэлчээрийн сэргэн ургалт, ургамлан бүрхэвчийн зүйлийн бүрдлийн өөрчлөлтийн мониторинг судалгааг ургамал ургалтын хугацаанд мониторингийн цэг бүрд 5 давталттайгаар;
  • Байгалийн аясаар бэлчээрийн нөхөн сэргээх буюу бэлчээрийн сэлгээ, өнжөөх талбайг орон нутгийн малчдын оролцоо, дэмжлэгтэй зуны 3 сард зохион байгуулж, өнжөөсөн талбайн бэлчээрийн судалгааг;
  • Мөн бэлчээрийг тусгайлан хамгаалж нөхөн сэргээх буюу бэлчээрийн зарим хэсгийг бордох, хөрсний үржил шим дээшлүүлэх судалгаа туршилтын талбайг ойн зурвасын дэргэд байгуулан шар болон хөх бууцаар 4 төрлийн үрийн туршилтыг усалгаатай болон усалгаагүй хувилбараар турших ажлуудыг хийж гүйцэтгэн судалгааны үр дүн тайланг арга зүйн дагуу боловсруулсан.

Мөн бэлчээр хамгаалах ойн зурвасыг 3.3 га талбайг хашаажуулан 5000 ш суулгац тарьж байгуулан дуслын услалтын систем суурилуулж зун, намрын туршид усалгаа, арчилгааг хариуцан ажиллав.

Уст цэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах ажлын хүрээнд:

Ойн зурвасын усалгаанд зориулсан гүний худаг 1, дүйцүүлэн хамгаалах нутаг дэвсгэрт зэрлэг амьтны автомат тохируулгатай гүний худаг 1 тус тус гаргасны зэрэгцээ малчдын унд, ахуйн хэрэглээний 3 гар худгийг лайдах, амсар засах сайжруулах ажлыг гүйцэтгэсэн.

Уурхайн нөлөөллийн бүсийн Зүүн булагийн эхийг хашиж хамгаалах, мөн дүйцүүлэн хамгаалах талбайн хэмжээнд уст цэгийн бүртгэл, судалгааны ажлыг гүйцэтгэн уст цэгийн хэмжилт, дээжлэлт, зураглал хийх ажлуудыг гүйцэтгэн тайлагнав.

Зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлын хүрээнд:

Хавар, зун, намар, өвлийн улиралд зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлыг харууц сайтай 4 цэгт 132 цагийн ажиглалт хийхийн зэрэгцээ шугаман замналаар нийт 1466.38км урттай буюу 102,430 га талбайд замналын аргаар, мөн нүүрс тээврийн зам дагуу уурхайгаас 25 км хүртэл дээрх аргаар 297.1 км явж шувуу, хөхтөн амьтдыг судалгаа, автомат камер 2 ш байрлуулж өгөгдөл цуглуулан ажилласан болно.

Энэхүү ажлыг санхүүжүүлсэн захиалагч “Эрдэнэс Тавантолгой” ХК, хамтран ажилласан тус байгууллагын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн хамт олон, Өмнөговь аймгийн Байгаль Орчны Газар, Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон, өөрийн багийн судлаачид, хамт олон, үргэлж тусалж дэмжсэн найз нөхөд, гэр бүлийн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Байгаль хамгаалах ажил тасралтгүй үргэлжлэх болтугай.